Monday, July 4, 2011

Дэлхий нийт газрын тосоор цангаж байна


Дэлхий нийт газрын тосоор цангаж байна. Өдөр ирэх бүр нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг, нөхөгдөшгүй бөгөөд шавхагдаж буй газрын тосны нөөц хангаж дийлэхгүйд хүрээд байгаа ажээ.
Олон улсын энергийн агентлагийн мэдээлснээр дэлхийн энергийн үйл явцыг ажиглагчид дэлхийн хэрэглэгчид ялангуяа өмнөд хойд америк дах түүхий нефтийн хэрэглээгээр цангасан жилүүд ирж, хэрэглээ  өснө гэдгийг баттай хэлж байна. Агентлагийн урьдчилан тооцоолсноор 2010-аас 2016 оны хооронд газрын тосны боловсруулалт өдөрт 1,1 сая баррел хүртэл өсөх аж. Агентлагийн таамаглаж буйгаар газрын тосны хомсдол болон үнийн өсөлт нь дэлхийн эдийн засгийн уналтын дараах сэргэлтэд гэнэтийн нөлөө үзүүлнэ гэж www.oil.com сайтад мэдээлжээ. Огцом өсөж буй хэрэглээг хангах гэж боловсруулалт өсөж нөөц улам бүр хомсдсоор байхыг шинжээчид анхааруулсаар байна.

Манай өмнөд хөрш БНХАУ-ын газрын тосны хэрэглээ мөн өмнөх үеийнхээсээ 8 хувиар өссөн бөгөөд энэ нь хувиар бага тоо боловч багахан хэрэглээтэй манайх шиг орны хувьд асар их хэрэглээ болох гэнэ. Засгийн газар нь улсын үйлдвэрүүдээ дотоодын шатахууны хэрэглээгээ хангахад бүрэн чиглэж ажил хэмээн үүрэг өгсөн нь орос ах нарын шантаажанд ороод байгаа монголчууд бидэнд хүний хүү хүрэн бөөртэйг харууллаа. Хятадын томоохон газрын тосны компани Иракийн Ал Ахдав-д олборлолтоо эхлүүлсэн байна.  Энэ нь сүүлийн 20 жилд шинэ бүсэд эхэлж байгаа анхны олборлолт юм гэж албан ёсоор мэдээллээ. 6 сарын 21нд эхэлсэн энэ олборлолтын ажиллагаа жилд 3 сая тонн түүхий нефть гаргах юм. Хятадын өсөн нэмэгдэж байгаа газрын тосны хэрэглээг хангахаар улсын үйлдвэрүүд болон компаниуд дотоод хэрэгцээгээ хангах үүрэг даалгаврыг засгийн газраасаа хүлээгээд байгаа гэж Pittsburgh Post Gazette–д 6 сарын 29нд мэдээлсэн. Хаа байсан Иракд хүртэл газрын тос олборлож байсан хэрнээ дотоод хэрэгцээгээ хангаж чадахгүй Хятад ямар шийд гаргах нь эргэлзээтэй юм.

The Associated Press бичихдээ газрын тосны үнэ баррель нь  91 ам.доллар болтлоо буусан боловч америк доллар хүчирхэг байгаа нь түүхий нефтийг бусад валютын хөрөнгө оруулагчдад үнэтэй болгож байна гэжээ. Түүхий нефтийн үнэ буурсан болохоор ОХУ нефтийг боловсруулаад экспортлох байх гэсэн найдвар төрүүлнэ. Газрын тосны үнийн өсөлт 20 ам.доллараар буурахад дэлхий дахины газрын тосны эрэлт болон эдийн засгийн өсөлт 0,5 хувиар идэвхжин дээшилдэг гэж тооцоолсон байдаг. Амин чухал энэ нөөц дахин сэргээгдэхгүй, шавхагдан байгаа нь хүн төрөлхтнийг өөр эх үүсвэр хайж байгаль дэлхийн нөөцдөө хайр гамгүй хандахгүй байхыг сануулж байна. Нью Йоркийн бирж дээр газрын тосны худалдаа сүүлийн 4 өдөрт өндөр байгаа нь АНУ-ын нөөцийн бууралт болон Грекийн хямралтай холбоотой талаар томоохон эх сурвалжууд мэдээлсээр байгаа. МӨн ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Абдула Эл Бадри, Лос Анжелест мэдэгдэл хийжээ. Тэрээр хэлэхдээ Газрын тос экспортлогч орнууд ирэх 30 өдрийн турш 60 сая баррель нефтийг гаргах шаардлагыг Олон улсын энергийн агентлагаас авлаа. Европын холбоо болон ОПЕК-ийн хоорондох энергийн талаарх уулзалтын дараах Вени дэх хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр мөн дурдахдаа “Бид энэ хэмжээний нийлүүлэлт хийх ямар нэгэн сайн шалтгааныг олж харахгүй байгаа бөгөөд олон улсын энергийн агентлаг энэхүү шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна ” гэжээ.

Хаа сайгүй хар алтны эрэлд хатаж байх шиг. Энэтхэг, Индонез, АНУ, ОХУ, Казакстан, БНХАУ гээд энэ асуудлаар шаналж буй орнуудын тоо нэмэгдсээр л байна. Эх орон минь ч ялгаагүй энэ дунд толгой цохиж яваа. Жирийн иргэд нь импортлогч компаниудаа гуйж нэг эрэлд гарсан байхад, импортлогч хэдэн компани нь хөрш зэргэлдээ хэдэн орон байтугай тив алгасан, далайг гатлан шатахуун гуйж нэг эрэлд гарсан байх юм. Энэ ганц монголын зовлон бас биш болжээ. Дэлхийн улс орнууд энэхүү шавхагдах нөөцийг дуусахаар яах юм болдоо. Хэт хөгжил зэрлэг үе лүү эргэж аваачдаг нь үнэн ч юм шиг.

Г.Од
Эх сурвалж: Үндэсний шуудан

No comments:

Post a Comment