Tuesday, May 21, 2013

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛСЭН НЬ БУЮУ АНФИЛД ТУР /1-р хэсэг/

Яг энэ блогтоо түрүү жил наадмын өмнөхөн "Хөлбөмбөгийн талаарх миний бодол" нэртэйгээр нийтлэл бичиж байжээ.
Харин нийтлэлийнхээ төгсгөлд "Хэзээ нэгэн цагт, гэхдээ тун удахгүй би Англи руу явж, Анфилд цэнгэлдэхэд очиж, улаан өмсгөлөө өмсөж байгаад, Ливэрпүүлийн тоглолтыг амьдаар нь үзэж, нэг гартаа Монголын далбаа, нөгөө гартаа багийн ороолтоо барьж байгаад, мянга мянган хөгжөөн дэмжигчдийн хамтаар You'll never walk alone сүлд дуугаа дуулж, тэр сайхан мэдрэмжийг авна гэж найдаж, мөрөөдөж байгаа" гэж бичиж байсан байх юм. Хэдийгээр энэ мөрөөдлөө биелүүлнэ гэж бодож байсан ч ийм хурдан хүрнэ гэж санасангүй, өнөөдөр ингээд тэр тэмдэглэлээ бичээд сууж байна гэхээр сайхан л байна. Нэрсийн хувьд та нөхөд танихгүй ч түүгээд ойлгоорой, 8 хүн явсан, очоод бас хүмүүс нэмэгдсэн болохоор 1, 2 гээд дугаарлалтай биш хэхэ. 

5-р сарын 1: Маргааш явна гэж бодсон чинь л хамаг юм дутуу байх юм. Өмнөх өдөр нь “цүнхэндээ сольж өмсөх оймс бандааш, шүдний оо сойзоо хийгээд л гарахад болоо” гэж бодоод байсан чинь яг цагаа тулсан чинь бас задгай байнаа. Авч явах баннер, футболкны асуудлыг бусаддаа найдсан болохоор тоох ч үгүй байлаа. Харин ивээн тэтгэгчдийн асуудлыг би хариуцсан болохоор Монгол Даатгал, Скайтел компаниудтай уулзах хэрэгтэй байв. Цагийн тулгаж байж хийдэг монгол ёсоор үдээс хойш ажил тарахаас амжуулах, дундуур нь бас хэдэн паунд авах, үлдэх ажлаа зохицуулах гээд хэрэндээ хөөрхөн юм болсон. Манай анхны “Анфилд тур” аяллын ивээн тэтгэгч Монгол Даатгал ХХК, үүрэн холбооны Скайтел компанид баярласанаа илэрхийлье. Бамбуушд нэг шил юм авч очино гээд хэлчихсэн байдаг, бас ганц пачк тамхи аваад очъё гэж бодоод оройхон тийшээ дэлгүүр зүглэтэл “1-ний өдөр архи зардаггүй” гэж хэлээд амаа таглуулдаг юм даа. Нисэхийн dutyfree-с архи аваад явж болох ч замын турш барьж явна гэдэг үнэндээ дарамт санагдаж байлаа. Гэхдээ бид чинь Монголдоо амьдарч байгаа болохоор аргалдаг л юм байна лээ, 1-ний өдөр, сургуулиас 50 метр огт хамаагүй, чихэнд нь нэг шивэгнээд л хайрцаганд хийсэн юмаа авч байгаа юм чинь. Яахав жоохон үнэтэй л байдаг юм билээ, гэхдээ гол нь худалдаж авах байсан. Дараа хэрвээ хотын төвөөр тийм юм хэрэг болбол надаас асуугаарай, хаана гэдгийг нь хэлж өгнөө хаха. За тэгээд хоол унд, ус цас эргүүлэнгээ цүнх саваа баглаад Барсаг хэрхэн Байернд уншуулж байгааг харж хэсэг суув. Угаасаа онгоцонд боломжоороо унтаж явна гэж бодсон болохоор нойронд санаа зовохгүй байлаа. Эхний үе дуусгаад ид шидэнд итгэхээ больсон хойноо унтахаар хэвтсэн дээ. 
 5-р сарын 2: Өглөө манайхан гаргаж өгнө гэж байсан болохоор хүмүүс ирэх байх гэж бодож байсан ч тийм олон хүн ирнэ гэж санаагүй, баярлалаа манайхаан, үнэхээр ганцаараа алхахгүй юм билээ.
 Онгоцны буудлаас л инээдэм эхэлсэн, Аваргын үдээсгүй гутал, Чимэдээ тэр 2-ын том цүнх, Болдын үсчин хайсан түүх гээд л явж өгсөн. Аа бас юм бэлдэж амжаагүй бидэнд фэн клубын дардастай сувенир авчирч өгсөн Энхдэлгэр нарт баярлалаа, эрчүүд чинь тиймэрхүү зүйлийг заримдаа мартчих юм. Оросын онгоцны буудал дээр цүнхээ ухуулдаг гэж сонссон болохоор бүгд л цүнхээ баглуулсан, 4000 төгрөгөөр чивчиртэл нь боож байна лээ дээ, зам зуур авсан үйлчилгээнээс Монголынх илүү гарсан нь энэ л байсан байх хаха. Дотогшоо ороод л манайхан ер нь тодорч эхэлсэн, ялангуяа Чинзо. Шалганы нэг залуу танил нь бололтой юм, нилээн удаан юм яриад л зогсоод байна, хажуугаар нь гарч явтал “чи ч баяжчихжээ, Англи явж хөлбөмбөг үзээд л” гэж нөгөөх нь хэлэх юм, манай хүн ч мушийж байгаа харагдана лээ. Онгоц хөөрөхөөс л өмнө Болд, Чимэдээ бид 3 буцаж ирэхдээ авах архиа тооцоод “би тэр тэр тэрэнд архи авна, тэд болох нь” гээд dutyfree орж архи, виски, конъяакны үнэ судлаад эхэлсэн. Ер нь хэн юу сонирхдог нь тэгээд юмаа эхнээсээ хараад эхэлдэг юм билээ хаха. 
 Би ч тэгээд онгоцонд ороод эхнээсээ унтах санаатай үзээд байсан, манай хэд бол зугаатай байнаа, тэр урд Бобозтой хамт суучихсан, онгоц хурдлуулаад, лаазтай Боргио барьчихсан, хальт улаа бутарсан, сэтгэл хөөрөл ихтэй нтр. Яг тэндээс л илүү сайн танилцах аян эхэлж байгаа юм, “чи чинь яг юу хийдэг билээ, танайд тийм хүн байна уу” нөгөө монгол маягын танилаа хайдаг ярианууд хэхэ. За тэгээд унтсан юмгүй Шереметьево-2 дээр буулаа даа. Хуучнаа бодвол томорсон, E, F терминал нь арай тухтай, үнэгүй wi-fi зэрэг нь аятайхан санагдсан. Бид хэд ч угаасаа нөгөө л архины үнэ, юм хумаа судлах, онгоцны буудалтай танилцах, wi-fi ашиглах гээд хүн бүр л завгүй байсан, тэнд манай хүний бэлдэж өгсөн сэндвич, кимбаб хэсэг өл дарсан. Харин “яагаад ганцхан алим байна” гэж бас асууж л байна лээ, явсан хүмүүс нь мэдэж байгаа биз. Бас утасны роумингээ ашиглаж эхэлж байгаа юм, эхэндээ яаж залгахаа мэдэхгүй, монгол руу смс бичиж асуулаашд хэхэ. Тэндээ 8 цаг болоход зарим нэг нь унтаж, хэсэг нь 5 гар сууж өнгөрөөхөд Болдоо хүү аргагүй холоос ирсэн, ёндоотой гэдгээ харуулж 25 паунд хожсон доо /алдсануудыг хэлээгүй нь дээр хаха/. 
Цаашаа харин оросын онгоцоор явсан, Амараа ахын хэлж байгаа үнэн, үйлчилгээ нь нээх сайн биш, харин үзэж харах, өөрийгөө зугаацуулах зүйл бол байсан, замдаа “wreck it ralph” гэдэг хүүхэлдэйн киног үзэж очсон юм. London Heathrow Airport бол үнэхээр busy юм билээ, дэлхийд 3-т ордог гэж Вики-д бичсэн байсан, онгоц маань буух зайгүй хэд тойрох шиг болсон, онгоцныхоо урд талд камертай, хөөрөх буухаа урд талын дэлгэцэн дээрээ шууд харуулдаг нь зүгээр юм билээ. Бид хэд ч камер ширтэнгээ энэ лав хөлбөмбөгийн стадион байсан байхаа гэж ярилцаж байсан. Онгоцноос буусан хойноо инээд хүрээд л “ингээд ирчихэж байгаа юм уу” гэж бодогдоод л, Чинзо маань ганц нэг бичлэг хийсэн шигээ л явсан. Очих ирэхдээ нэг анзаарсан зүйл бол онгоцны буудал, хил гааль, шалган дээр нь суудаг хүмүүс нь яг цэвэр Англичууд байхгүй, араб, ази гаралтай, энэтхэг, малайз, хужаа маягын нөхдүүд их байсан, хэл ярианы аялга нь хүртэл шүү.
 Англи 7 цагийн зөрүүтэй, орон нутгийн цагаар 21.45 гэж буухад аль хэдийн монголоос хөдөлснөөс хойш 24 цаг өнгөрчихсөн, ер нь энэ өдөр бол аяллын хамгийн урт өдөр байсан, өглөө эрт боссон, өдөржин явсан, дандаа цагийн зүүний эсрэг явсан болохоор бүр ч урт болсон доо. Хил гааль ч асуудалгүй Чимэдээгийн том цүнхэнд юу байгааг асууснаас өөр зүйлгүй гарч ирцгээв. Гараад ирэхэд Амараа ах аль хэдийн тосч байгаа нөхөдтэй уулзчихсан, хэзээний нутгийн хүн аятай биднийг хүлээж байлаа. Тэнд л анх форум дээр бичиж танилцсан Бамбууш/одоо бамбино/ буюу Төрөөтэй уулзав. Мөн Чинзотой хамт ажиллаж байсан найз нь гээд Данзан гэж залуу байсан, буцахдаа коп болгоод л үлдээсэн дээ гэж. Бамбууштай анх уулзаад л жинхэнэ гипоп стильтэй гэдгийг нь мэдсэн, ярьж байгаа, явж байгаа, хувцаслалт нтр нь шууд л тэгж санагдуулна. Онгоцны буудлаас нэг Англи дугаар хүн амьтантай холбогдоход хэрэг болно гээд авсан, даанч нэг ч хэрэглээгүй. Гэхдээ ер нь тийшээ явж байгаа хүн бол роуминг хийлгэчихээд бас нэг илүү утас байхад зүгээр л юм билээ, дугаарыг зүгээр автоматаас авчихна, 10 паундаар аваад, ойр зуур хүмүүстэй холбогдоод байх боломжтой. 
 Тэндээсээ буудал руугаа London Underground буюу метрогоор явж хүрлээ, бас л Лондонд очоод сонирхож үзэх зүйлсийн нэг байх. Line /зам/ нь өнгө өнгөөр ялгагддаг, өөр компаниуд эзэмшдэг, тэрнийгээ дагаад үйлчилгээ, метроны өнгө үзэмж хүртэл ялгаатай байгаа гээд сонирхолтой зүйлүүд байсан.

Буудал маань Hyde park-тай ойрхон, миний ойлгосноор баруун Лондон орчимд юм шиг байна лээ, Central Park Hotel гэж 3 одтой буудал байсан ч миний санаанд хүрсэнгүй. Учир нь Чимэдээ бид 2 болон Амараа ах Чинзо 2-ын орсон өрөөнүүд цонхгүй, манайхаар бол доошоо буугаад подвольд байв. Би ч ресепшнд гомдоллож, өөр өрөөнд оръя гэсэн боловч оройтсон байсан, бүх өрөө хүнтэй байсан учраас маргааш нь сольж өгөхөөр болсон юм. Дараа явах нөхөд сонирхвол нэрээр нь google-дэхэд гараад ирж байна лээ, тэндээс доторх өрөө тасалгаа бусад зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдэж болно. Бид нар Амараа ахын өрөөнд цуглаж, юмаа задлан, эхнээсээ Бамбуушийн бэлгийг өгөхөд мань эр олон хүн байсан тулдаа л гүрийсэн байх, тэрнээс сад тавьбал тавьхаар байсаан хаха. Харин хажуу өрөөнд амарч байгаа нөхдүүд дуу чимээ ихтэй байна гэсэн тул буудлын доор байдаг lobby-д орж үргэлжлүүллээ. 
Яг тэнд жинхэнээрээ танилцаж, олон жил онлайнаар найзалсан коптойгоо нүүр нүүрээ тулан өөрсдийнхөө жинхэн нэр, хаана юу хийдгээ хэлж ярьж, Бамбууш ч биднийг ирэхийг тэсэн ядан хүлээснээ хэлж байсан юм. Ингээд сууж байгаад 3 цаг дөхүүлээд би сандал дээрээ уусан архи, явдлын ядаргаа, нойр зэрэгтээ дийлдэн тасарч байсан тул өрөөндөө орж амарсан. Харин Чимэдээ цоглог гар нэг сэрсэн чинь цүнхээ ухчихсан зогсож байна “бид нар гарч уулаа, мөнгө хэрэг болж магад, хэдэн паунд аваадхий” гэнээ хахаха. Үнэхээр ч өглөө 6-7 хүртэл Лондонгийн гудамжаар архи уун, талх идэж нутгийн юм шиг аашилсан гэнэ лээ.

1 comment:

  1. Saihan temdeglel bna Biggy. Tsaash ni od bolson, bag herhen togloson geed ureljluureerei...

    ReplyDelete